Дундговь аймгийн Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дундговь аймгийн Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудсанд тавтай морилно уу Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудсанд тавтай морилно уу

Даргын мэндчилгээ

2015-01-26

          
Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хошуу, эдүгээ үеийн өлзийгөө хайрласан Өлзийт нутагт төрж өссөн, ажиллаж, амьдарч байсан болон эх орныхоо өнцөг булан бүрт, гадаадын улс орнуудад сурч, ажиллаж, амьдарч байгаа нутгийн уугуул, суугуул иргэд, зон олон ахан дүүс

Та бүхнийхээ амар амгаланг айлтгахын ялдамд Өлзийт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга, түүний Тамгын газар, нийт иргэдийнхээ нэрийн өмнөөс ажил үйлс нь амжилт бүтээлээр дүүрэн, амьдрал нь аз жаргал, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнээр бялхаж байхын ерөөлийг өргөн мэндчилье.

Түүхт их ойгоо улс төр, урлаг соёл, спорт, мал аж ахуйн зэрэг салбаруудад ирмүүн их амжилт бүтээлээр дүүрэн угтацгааж байгаадаа баяртай байна. Улс төрийн салбарт Улсын Их Хурлын гишүүн Батсүхийн Наранхүү, Боловсрол, Шинжлэх Ухааны дэд сайд Бандихүүгийн Ургамалцэцэг, аймгийн Засаг даргаар Сандагийн Од-Эрдэнэ, аймгийн Засаг даргын орлогчоор Шатарын Энхбат нарын хүмүүс сонгогдон ажиллаж, урлаг соёлын хүрээнд 2013 онд нэрт кино мастер Нямын Дагийранз агсан, 2014 онд МУГЖ Адилбишийн Дашпэлжээ нар МУАЖ хэмээх эрхэм цол хүртсэн, Монгол Улсын ерөнхийлөгчийн нэрэмжит Улсын шилдэг морин хуурч төрсөн, спортын салбарт Чинзүрхийн Энхбаатар самбо бөхийн Дэлхийн аваргын хүрэл медаль хүртсэн, Очирсүхийн Ууганбаяр жудо бөхийн Олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртсэн,  Бэх-Очирын Өлзийбаатар мутай боксын Дэлхийн аварга болсон зэрэг онцгой амжилтуудыг гаргасан бол МАА-н салбарт малчид маань малаа таван төрөл дээр нь өсгөн, 2014 оны эцсээр нийт 177.2 мянган толгой мал тоолуулж, шинээр мянгат малчин 7 төрж, тэмээний тоогоор улсын хэмжээний 330 сумаас эхний 5-р байрт жагссан зэрэг өндөр амжилтууд гаргалаа.

Бид төрөлх сумынхаа нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлогыг орон нутгийн хөгжлийн сан болон сум хөгжлийн сантайгаа уялдуулан иргэдийнхээ оролцоо, саналд тулгуурлан тодорхойлж, 2014-2025 он хүртэл шинэчлэн боловсруулж, тэдний ажиллаж, амьдрах ая тухтай орчин нөхцөлийг хангахаар зорин ажиллаж байна. Энэ жил манай суманд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Сумын төвийн шинэчлэл төсөл хэрэгжин айл өрх, албан байгууллагууд төвлөрсөн халаалт, цэвэр, бохир усны шугам сүлжээнд холбогдон ногоон байгууламж бүхий орчин үеийн жишиг сум болон хөгжих өргөн боломж бидний өмнө нээгдэж байгаад баяртай байна.

Сум орон нутгийнхаа хөгжлийн төлөө эрдэм оюун, чин сэтгэлээ зориулан ажиллаж, амьдарч байгаа нийт Өлзийтчүүддээ, мөн тус суманд ажиллаж, амьдарч, сумын түүхийг бүтээлцэж явсан үе үеийнхэндээ юу санасан есөн цагаан хүсэл тань үргэлж биелж явахын өлзийт ерөөлийг өргөн дэвшүүлье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1341
521 / 39%
425 / 32%
194 / 14%
201 / 15%