Дундговь аймгийн Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сумын танилцуулга

2017-12-01 01:02

Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хошуу нь 1924 онд явагдсан засаг захиргааны зохион байгуулалтаар аймаг хошуудын нэрийг сольж Богдхан аймгийн Дэлгэрхангай уулын хошууны Өлзийт сум болгон өөрчилж Өвөр Дэрсэнэ ус хэмээх газар Сүрэнхор занги хэмээх даргатайгаар байгуулсанаас хойш ган гачиг, цагийн нөхцөл байдлаас шалтгаалан 30 орчим удаа нүүдэл хийж,  1965 оноос одоогийн Рашаант хэмээх уул устай газрыг түшиглэж төвлөрөн хөгжиж байна. Говийнхоны хэлдгээр “тэмээний нуруун дээр явсан” тус сумын түүх ингэж эхэлсэн билээ. 1961 онд Өлзийт, Буянт-Овоо сумд, тэдгээрийн 6 нэгдлийг нэгтгэж Өлзийт сум, “Хоёрдугаар таван жил” нэгдэл хэмээн нэрлэсэн түүхтэй.

Одоогоор засаг захиргааны 6 багтай ба үүнээс хөдөөд 5 баг харьяалагддаг, сумын ИТХ, Засаг дарга, түүний Тамгын газар, 9 жилийн дунд сургууль, хүүхдийн цэцэрлэг, эрүүл мэндийн төв, соёлын төв зэрэг төсөвт байгууллагууд ажиллаж, хувийн мал эмнэлэг 3, худалдаа, үйлчилгээ эрхэлдэг дэлгүүр, хоршоо, компани зэрэг ААН байгууллагууд ажиллаж байна. 


Газар зүйн байршлын хувьд:   

Сумын нутаг дэвсгэр нь физик газарзүйн мужлалаар говийн их мужийн Умард говийн гүвээт талын А тойрогт багтах ба хойд талаараа өөрийн аймгийн Хулд, Луус, Сайнцагаан сумдтай, зүүн талаараа Гурвансайхан, Өндөршил, Дорноговь аймгийн Мандах сумдтай, урд талаараа Өмнөговь аймгийн Манлай, Цогтцэций, Цогт-Овоо зэрэг 3 аймгийн 9 сумтай хил залган оршдог. Зүүнээсээ баруун хил хүртлээ 220 км, хойноосоо урд хил хүртлээ 160 км урт сунаж тогтсон 1’542’114 га газар нутагтай, энэ нь аймгийнхаа нийт нутаг дэвсгэрийн 1/5-тэй тэнцэх хэмжээний өргөн уудам нутаг юм. Сумын төв буюу Рашаант нь Дундговь аймгаас урагш 100 км, Улаанбаатар хотоос 370 км-т байрладаг.


2017-12-01 01:02


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд