Дундговь аймгийн Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дундговь аймгийн Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудсанд тавтай морилно уу Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудсанд тавтай морилно уу

"Тийн унжлагат" шороон нохой жилийн сар шинийн мэндчилгээ

2018-02-13


Эрхэм хүндэт буянт буурлууд, эрхэмсэг ноёд хатагтай нар, нийт иргэд, малчин түмэн Та бүхэндээ учран золгож буй 17-р жарны “Тийн унжлагат” хэмээх Шороон нохой жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдрийн амар амгаланг эрж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байхын өлзийт ерөөлийг өргөн дэвшүүлье.

Улиран өнгөрч буй гал тахиа жилд Өлзийтчүүд бид ажил хөдөлмөр, амжилт бүтээлээр дүүрэн байж, эрдэнэт мал сүргээ таван төрөлд нь өсгөж 282911 толгойд хүргэн өмнөх оныхоос 46198 толгойгоор өсгөсөн байна. Хоёр мянгаас дээш мал тоолуулсан 2 өрх, нэг мянгаас дээш мал тоолуулсан 16 өрх шинээр нэмэгдэж нийт 80 мянгат малчинтай болсон байна. МАА-н салбарт манлайлан ажиллаж “МУ-ын аварга малчин” цол тэмдэгээр 4-р багийн аймгийн сайн малчин Цэнджавын Алдархүү, “Аймгийн аварга малчин” цол тэмдэгээр 1-р багийн малчин Сувдаагийн Эрдэнэчулуун, 3-р багийн малчин Содномдаржаагийн Батжаргал нар шагнагдлаа. Албан байгууллагуудаас сумын ИТХ-ын ажлын алба 2017 оны ажлаар аймгийн хэмжээнд шагналт 3-р байр эзэллээ. Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор өндөр настан Найдангийн Цэвэгмэд, Лүүсийн Дэлгэр,  Алтангадас одонгоор Жаншингийн Наранжав, Оргодолын Ган, Отгоны Тэгшбаяр, яруу найрагч, өндөр настан Бандийн Бямбаа, Лодойн Самдан нар  шагнагдсан, Хөдөлмөрийн хүндэт медалиар өндөр настан Лувсандоржийн Бархас, эм зүйч Муунохойн Эрдэнэтуяа нар шагнагдсан, Аймгийн алдарт уяач шинээр 4 төрсөн зэрэг арвин их амжилтаар тахиа жилээ үдэж шороон нохой жилийг угтаж байна.

Улиран өнгөрч буй гал тахиа жилдээ амжилт гаргаж бусдыгаа манлайлсан албан байгууллага, иргэд, малчиддаа чин сэтгэлийн баяр хүргэж ажилд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.

2017 онд “Сумын төвийн шинэчлэл” төслийн хүрээнд хийгдсэн 1,5 км хатуу хучилттай авто зам ашиглалтад орж, иргэд, жолооч нар замын хөдөлгөөний дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцох боломжтой болсон байна. 2018 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сумын төвд шинэ Соёлын төвийн барилга баригдах, ЗДТГ-ын барилгын их засварын ажил хийгдэх зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдэхээр төлөвлөгдсөн байна.

Орон нутгаа хөгжүүлэх, бүтээн байгуулалтыг өрнүүлэх, иргэдийн амьдрах тав тухтай орчныг бүрдүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх ажилд хамтран зүтгэж, ажиллаж ирсэн зорилго нэгт байгууллага, хамт олон, бүтээлч, хөдөлмөрч, ажилсаг ард иргэд, малчид Та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлж хамгийн сайн сайхныг хүсье.

Ирж байгаа “Тийн ялгуулсан” хэмээгч шороон нохой жилдээ Та бүхэн маань зорьсон зорилгодоо хүрч, эрүүл саруул байж, амьдрал ахуй нь ашиг орлоготой, өнгөлөг, хийморьтой, цог золбоотой явахын өлзийтэй ерөөлийг өргөн  дэвшүүлье.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%